Ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч 5 улс (2022 онд шинэчлэгдсэн)
2022 оны 03 дугаар сарын 14
Уран бол эрчим хүчний салбарын чухал бүтээгдэхүүн юм. “Хөрөнгө оруулалтын мэдээллийн сүлжээ” ураны нөөцөөрөө хамгийн их эхний 5 орны мэдээллийг танилцуулж байна.
Уран бол эрчим хүчний салбарын чухал бүтээгдэхүүн бөгөөд хамгийн их нөөцтэй орнуудыг мэдэх нь чухал юм. Олборлосон ураны нөөц нь сүүлийн 60 гаруй жилийн туршид цөмийн эрчим хүч үйлдвэрлэх түлшээр хангасаар ирсэн бөгөөд өнөөдөр цөмийн эрчим хүч нь дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээний 10 хувийг хангаж байна.
Ойрын жилүүдэд дэлхий хэмжээнд ураны эрэлт өсөх хандлагатай байгаа нь ураны ирээдүйн үнэд эерэгээр нөлөөлж байна. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээлснээр дэлхий даяар 55 цөмийн реактор баригдаж байгаа ба мөн одоо байгаа цөмийн эрчим хүчний станцуудын хүчин чадлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Дэлхийн уран олборлолтын хамгийн сүүлийн тоо баримтаар 2020 онд нийт 56,287 тонн U3O8 олборлосон нь юм. Дэлхийд тэргүүлэгч уран олборлогч 5 улс нь Казахстан, Австрали, Намиби, Канад, Узбекистан бөгөөд эдгээр орнууд олборлолтын дийлэнх хувийг эзэлдэг.
Харин ураны нөөцөөрөө ямар орнууд тэргүүлдэг вэ? Хөрөнгө оруулалтын мэдээллийн сүлжээ нь ураны хамгийн их нөөцтэй 5 улсыг Дэлхийн цөмийн нийгэмлэгээс авсан мэдээллээр дор хүргэж байна. Үүнд:
1. Австрали Ураны нөөц: 1,692,700 тонн (Дэлхийн ураны нөөцийн 28 хувийг эзэлж байна.)
Австрали улс ураны үйлдвэрлэлээрээ дэлхийд Казахстаны дараа хоёрдугаарт ордог хэдий ч ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Австралийн хааны сангийн үнэт зүйлсийн нэг нь Олимпик Дам бөгөөд дэлхийн хамгийн том ураны орд юм. Тус улсын бусад томоохон ордуудад Рэнжер, Бевэрли, Фоур Майл зэрэг ордууд багтдаг. Австралийн Энержи Ресурс компанийн эзэмшдэг Рэнжер ордын үйлдвэрлэл 2021 оны эхээр зогссон.
Австралийн ураны олборлолтын хэмжээ болон олборлох нөөцийн хоорондын зөрүү нь сүүлийн жилүүдэд ураны үнэ бага байгаатай холбоотой хэдий ч ураныг олборлох асуудал улс төрийн маргааныг дагуулж байгаа нь асуудалд нөлөөлж байна. Тухайлбал, Баруун Австралийн засгийн газар одоо байгаа төслүүдийг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн ч, шинээр уран олборлох төслүүдийг хориглосон. Түүнчлэн холбооны засгийн газар цөмийн эрчим хүчийг эсэргүүцдэг ба уран олборлох үйл ажиллагаа хязгаарлагдмал байна.
2. Казахстан Ураны нөөц: 906,800 тонн (Дэлхийн ураны нөөцийн 15 хувийг эзэлж байна.)
Казахстан Улс нь ураны үйлдвэрлэлээр нэгт ордог ба дэлхийн ураны нийлүүлэлтийн бараг тал хувийг эзэлдэг. Тус улсын уран олборлолтын үндэсний компани Казатомпром нь дэлхийн хамгийн том уран үйлдвэрлэгч юм. Гэсэн хэдий ч Төв Азийн улсуудаас ураны нөөцөөрөө хоёрдугаарт ордог.
Казахстан Улс нь үндэсний цахилгаан эрчим хүчний сүлжээгүй бөгөөд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 69-өөс доошгүй хувийг нүүрснээс, 20 хувийг байгалийн хий, 9 хувийг ус, 1.5 хувийг нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. Мөн Казахстаны Засгийн газрын эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөөнд 2030 он гэхэд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 4.5 хувийг цөмийн эрчим хүч, 10 хувийг сэргээгдэх эрчим хүч болгон эрчим хүчний багцад өөрчлөлт оруулахаар тусгасан. Казахстан Улс 2 цөмийн цахилгаан станцыг барихаар төлөвлөж байна.
3. Канад Ураны нөөц: 564,900 тонн (Дэлхийн ураны нөөцийн 9 хувийг эзэлж байна.)
Ураны дөрөв дэх том үйлдвэрлэгч Канад Улс нь ураны нөөцөөрөө тэргүүлэгч орнуудын гуравдугаарт ордог. Хойд Америкт Камеко компанийн Сигар Лэйк, МакАртур Ривэр гэсэн дэлхийн ураны хоёр том уурхай байдаг. Энэ 2 уурхай нь Саскачеван мужийг ураны салбарт олон улсын тэргүүлэгч болгож байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд зогсонги байдалд байна. Саскачеваны Атабаска сав газар нь ураны хайгуулын гол төв нь бөгөөд дэлхий дээрх хамгийн өндөр агуулгатай ураны орд газруудаараа алдартай.
Канадын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 15 орчим хувийг цөмийн эрчим эзэлдэг бөгөөд цөмийн эрчим хүчний дэд бүтцэд 19 цөмийн эрчим хүчний реактор багтдаг. Тус улс нь газар нутгийн хэмжээгээрээ хоёр дахь том улсын хувьд Канадын алслагдсан бүс нутгийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах нь асуудал ихээхэн бэрхшээл учирдаг. Гэсэн хэдий ч бага чадлын модуляр реактор зэрэг реакторын шинэ технологиуд нь орон нутгийн чанартай бүсийн цахилгаан сүлжээ эсвэл нэгдсэн сүлжээгүй бүс нутгийг эрчим хүчээр хангах боломжтой юм.
4. Орос Ураны нөөц: 486,000 тонн (Дэлхийн ураны нөөцийн 8 хувийг эзэлж байна.)
Газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том орон ОХУ нь дэлхийн ураны нөөцийн 8 хувийг эзэлдэг, баялаг нөөцтэй. ОХУ-ын дотоодын ураны үйлдвэрлэлийн дийлэнх хувийг Росатомаар дамжуулан охин компани болох АРМЗ-ын охин компани болох Ураниум Холдинг үйлдвэрлэдэг бөгөөд Приаргунскийн далд уурхайг эзэмшдэг ба Өмнөд Сибирийн Вершинное ордыг ашиглаж байна.
ОХУ-ын Засгийн газар улс орныхоо өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад ураны нөөцөө ашиглан ойрын жилүүдэд ураны олборлолтоо нэмэгдүүлэх сонирхолтой байна. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээлснээр ОХУ-ын нийт эрчим хүчний 19 хувийг цөмийн эрчим хүч бүрдүүлдэг. Одоогийн байдлаар тус улсад 28,578 МВт цахилгаан үйлдвэрлэдэг 38 цөмийн реактор ажиллаж байгаа бөгөөд нэмэлтээр 3 реактор баригдаж, 27 реакторыг төлөвлөж, 21 реакторыг барихаар зорьж байна.
ОХУ нь ураны томоохон нөөцтэйгээс гадна дэлхийн уран үйлдвэрлэгч топ 10 улсын тоонд багтдаг бөгөөд тус улс Украйнтай хийж буй дайны улмаас ОХУ экспортоо хэр зэрэг үргэлжлүүлэх боломжтой вэ? гэдэг асуудлыг дагуулаад байна.
5. Намиби Ураны нөөц: 448,500 тонн (Дэлхийн ураны нөөцийн 7 хувийг эзэлж байна.)
Дэлхийн гурав дахь том уран олборлогч Намиби Улс нь ураны нөөцөөрөө тэргүүлэгч орнуудын тавдугаарт ордог. Африкын улсын Ланжер Хэйнрич уурхайг Паладин Энержи эзэмшдэг бол Россинг уурхайн дийлэнх хувийг Рио Тинто эзэмшдэг, эдгээр уурхайнууд нь дэлхийн ураны үйлвэрлэлийн 10 хувийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн Намибийн ач холбогдол бүхий ордуудад дэлхийн хэмжээний Хусаб ураны уурхай, Россинг уурхайн ойролцоо орших Орано группын эзэмшдэг Трэккопже ордууд багтдаг.
Намибийн Засгийн газар тус улсын ураны олборлолтын үйлдвэрлэлийг өргөжүүлэхийг дэмждэг. Намиби Улсад цөмийн эрчим хүчний станц байхгүй ч үндэсний цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг тодорхой хэмжээгээр дэмждэг.
Эх сурвалж: https://investingnews.com/top-uranium-countries-by-reserves-2655235428/