БНХАУ-д ахин нэг цөмийн эрчим хүчний станц эрчим хүч нийлүүлж эхлэв.
(Зураг: Хятадын Үндэсний Цөмийн Корпораци)
БНХАУ-ын Жанжөү цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС)-ын 1-р блокыг Хятадын Фүжянь мужид сүлжээнд холбосон талаар Хятадын Үндэсний Цөмийн Корпораци (ХҮЦК) мэдэгдлээ. Тус блок нь уг талбайд баригдаж буй дөрвөн "Хуалун Нэг" (HPR1000) реакторын анхных юм.
ХҮЦК-ын мэдээлснээр тус реактор өнгөрөгч 11-р сарын 28-ны өглөө сүлжээнд цахилгаан нийлүүлж эхэлсэн бөгөөд энэ нь ХҮЦК-ын “Хуалун Нэг” реакторыг олноор үйлдвэрлэхэд ихээхэн нөлөө үзүүлэхийн зэрэгцээ, Хятад Улсын үндэсний эрчим хүчний бүтцийг оновчтой болгох, "давхар нүүрстөрөгч" хөтөлбөрийн зорилтыг биелүүлэхэд шинэ хувь нэмэр оруулж байна гэж онцоллоо.
Түүнчлэн, "Уг блок дээр төлөвлөгөөний дагуу хэд хэдэн туршилт хийгдэж, реакторын үзүүлэлтүүд нь арилжааны үйл ажиллагааны нөхцлийг хангах байдлыг баталгаажуулах болно" гэж нэмж хэлсэн байна.
2014 оны 5-р сард орон нутгийн засаг захиргаа Жанжөүгийн AP1000 загварын 2 нэгжээс бүрдэх ЦЭХС-ын I үе шатыг баталж байв. 2015 оны 12-р сард Үндэсний Цөмийн Аюулгүй Ажиллагааны Захиргаа тус загварыг зөвшөөрч 2016 оны 10-р сард байршлыг баталгаажуулжээ.
Хэдийгээр I үе шатны барилга 2017 оны 5-р сард эхлэхээр төлөвлөгдсөн боловч ХҮЦК тус AP1000 загварын оронд HPR1000 (Хуалун Нэг) загварыг ашиглахаар шийдсэн байна. Тус станцын II үе шатанд нэмэлтээр хоёр “Хуалун Нэг” нэгжийг, III үе шатанд дахин хоёр нэгж нэмэхээр тусгагдсан байна.
Одоогоор Жанжөүд 4 блок баригдаж байна (Зураг: Хятадын Үндэсний Цөмийн Корпораци)
Жанжөүгийн 1-р блокийн барилгын ажил 2019 оны 10-р сард, 2-р блокийнх 2020 оны 9-р сард эхэлсэн.
Хятадын Төрийн Зөвлөл 2022 оны 9-р сард Жанжөүгийн станцын II үе шатны хоёр “Хуалун Нэг” блокийг барихыг зөвшөөрсөн. Улмаар 2024 оны 2-р сард 3-р блокийг барихаар талбайд анхны бетон цутгаж эхэлсэн бол 10-р сард 4-р блокийн бетон цутгалт хийгдэж эхэлжээ.
Жанжөүгийн төсөлд нийт 100 тэрбум юанийн (14 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд тус төслийг ХҮЦК болон Хятадын Гуодиан Корпорацийн хамтарсан ХҮЦК-Гуодиан Жанжөүгийн эрчим хүчний компани 51 ба 49 хувиар тус тус эзэмшдэг.
ХҮЦК-ын мэдээлснээр, Жанжөүгийн станц нь “Хуалун Нэг” реакторыг олноор барих эхлэлийн цэг бөгөөд "одоогийн байдлаар дэлхийн хамгийн том “Хуалун Нэг” цөмийн цахилгаан станцын бааз" гэж онцолжээ. "Өнөөдөр дотоодод болон гадаадад ажиллаж байгаа болон баригдаж буй “Хуалун Нэг” реакторын нийт тоо 33 хүрч, дэлхий даяарх цөмийн эрчим хүчний III үеийн технологийн хамгийн олон нэгжтэй технологи болж байна" гэж ХҮЦК тэмдэглэлээ.
Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/articles/first-zhangzhou-unit-begins-supplying-power