Онтарио шинэ эрчим хүчний төслүүдийг судалж байна

Канадын Онтарио мужийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2050 он гэхэд 75%-иар өсөх төлөвтэй байгаа тул үүнийг хангахын тулд тус мужийн захиргаа төрийн өмчийн цахилгаан эрчим хүчний Онтарио Пауэр Женерейшн (OPG) группыг өөрийн мэдлийн 3 газарт эрчим хүчний шинэ төслүүд, үүнд цөмийн эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх талаар чиглэл өгчээ.

Эдгээр газрууд нь Порт Хоуп дахь Весливилл, Халдиманд Каунти дахь Нантикок, Сент Клэйр дахь Ламбтон бөгөөд бүгд эрчим хүч үйлдвэрлэхэд тохиромжтой бүсэд байрладаг. Орон нутгийн удирдлагууд, иргэд, нутгийн уугуул иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөж, ажлын байр бий болгох, дэд бүтцэд хөрөнгө оруулах, уугуул иргэдийн оролцоог дэмжих зэрэг ашиг тусыг хэлэлцэхээр бэлтгэж байгаа ажээ.

Цахилгаан эрчим хүчний чадлыг 2050 он хүртэл нийт 16,000 мегаваттаар нэмэгдүүлэх шаардлагатай гэж тооцоолж байгаа бөгөөд үүнд Дарлингтон дахь бага чадлын модуль реактор (SMR), Пикеринг цөмийн станцын шинэчлэлт, Брюс Пауэрт цөмийн томоохон төсөл хэрэгжүүлэх урьдчилсан ажлууд багтаж байна.

Мужийн Засгийн газар уугуул иргэдтэй хамтран ажиллахыг нэн тэргүүнд тавьж байгаа бөгөөд ОPG-ийн гүйцэтгэх захирал Кен Хартвик хамтын ажиллагааг чухалчилж, орон нутгийн иргэдийн хүсэл зорилгыг тусгасан төслүүдийг хөгжүүлэхийг онцолсон байна.

Эдгээр газрын давуу талуудаас дурьдахад Весливилл нь 1300 акр газрыг хамарсан, цөмийн байгууламжийн ойролцоо байрладаг бол Нантикок нь нүүрсний хуучин станцын талбай бөгөөд түүний зарим хэсгийг нарны эрчим хүчний байгууламж болгон ашигладаг. Харин Ламбтоний хувьд энэ нь хуучин нүүрсний станцын талбай бөгөөд төмөр зам, усан дэд бүтэцтэй ойр байрладаг, ахин ашиглах боломжтой гэсэн давуу талтай аж.

Мужийн "Онтариогийн эрчим хүчний боломжит ирээдүй" баримт бичиг нь цөмийн болон усан цахилгаан станцыг тэргүүлэх чиглэлд авч үзэж, найдвартай, боломжит эрчим хүчний ирээдүйг хангахыг зорьж байна.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/articles/ontario-explores-potential-new-generation-sites

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй