7 УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЛАБОРАТОРИ ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ АВЧЭЭ

ОУАЭА техникийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэгч Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн эмийн үлдэгдлийн шинжээч Ц.Урангоо хроматографийн шинжилгээний дээж бэлтгэж байна. 

Хүнсний бүтээгдэхүүн нь тариаланчдаас хэрэглэгчдийн гарт очих хүртэл олон удаагийн лабораторийн шинжилгээ, хяналт шалгалтаар ордог.

Хүнсний аюулгүй байдлын лаборатори гэдэг нь мах, сүүн бүтээгдэхүүн гэх мэт шууд хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдээс эхлээд үр тариа, амтлагч зэрэг боловсруулсан бүтээгдэхүүний түүхий эд болдог бүхий л ургамлын зүйлийг хэрэглэгчийн хүртээл болохоос нь өмнө чанарын шалгалтаар оруулж, аюулгүй байдлыг хангадаг нийгмийн эрүүл мэндийн хамгаалагч байгууллага юм.

Ийм төрлийн лабораторийн магадлан итгэмжлэл нь хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдалдаа итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

Ботсвана, Монгол, Намиби, Нигери, Пакистан, Өмнөд Африк, Уганда 7 улсын хүнсний аюулгүй байдлын лабораториуд олон улсын магадлан итгэмжлэлийг шинээр болон дахин авахад ОУАЭА, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-тай хамтран дэмжлэг үзүүлж ажилласан байна.

Нигерийн хүнс, эмийн хяналтын үндэсний агентлаг (NAFDAC)-ийн хүнсний хяналтын лабораторийн захирал Чарльз Нуачукву, “Магадлан итгэмжлэл нь манай лабораториуд олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээний арга аргачлалын дагуу баталгаат үр дүн гаргадаг болохыг илэрхийлэх чухал ач холбогдолтой юм. Бид 2021 оны эхний улиралд багтаан сорилт, тохируулгын лабораторийн чадавхид тавих шаардлага ISO/IEC 17025:2017 –ыг хангаж шинэчлэгдсэн стандартын магадлан итгэмжлэл авч чадсандаа туйлын баяртай байна” гэсэн юм.

Харин ОУАЭА, НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан Хүнс, хөдөө аж ахуйн (ХАА) цөмийн шинжилгээний төвийн хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн Жэймс Сасаня, “Магадлан итгэмжлэл авах нь тухайн лаборатори болон улс орны хувьд маш их боломжийг бий болгодог.  Үндэсний хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна олон улсын худалдааны зах зээлийг нээж өгдөг юм. Түүнчлэн цаашид боловсон хүчнээ мэргэшүүлэх салбар чиглэлүүдийг тодорхойлж өгдгөөрөө өндөр ач холбогдолтой байдаг” гэлээ.

Лабораторийн итгэмжлэл авахад ямар шаардлагыг хангах ёстой байдаг вэ?

Итгэмжлэл авах гэж буй байгууллага нь өөрсдийн тоног төхөөрөмжийн болон хүний нөөцийн чадавхийг тайлагнаж; тэдгээрийг хэрхэн шат дараатайгаар сайжруулж, шинэчилж засвар үйлчилгээ хийдэг, ажилчтныхаа мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэн шаардлагатай сургалт, зөвлөмжийг хэр хангаж ажилладгаа аудитын байгууллагаар үнэлүүлэх ёстой. Түүнчлэн лаборатори хоорондын харьцуулсан шинжилгээнд оролцож, ур чадварын сорилтуудад тогтмол хугацаанд хамрагддаг байх шаардлагатай. Магадлан итгэмжлэлийг 2 жил, 4 жил гэх мэт тодорхой хугацаатай олгодог бөгөөд итгэмжлэлийн хугацаа дууссан тохиолдолд эдгээр шалгалтуудыг ахин явуулж итгэмжлэлийн хугацааг сунгах, цуцлах гэх мэт арга хэмжээг авч ажилладаг юм.

Магадлан итгэмжлэл олгосон хугацаанд стандартыг хангаж ажиллах нь лабораториудын үүрэг бөгөөд стандартад нийцээгүй, шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулсан нь илэрвэл магадлан итгэмжлэлийг түтгэлзүүлэх, хугацааг сунгахгүй байх арга хэмжээ авна. Итгэмжлэлийн стандартыг тогтмол хангаж байхын тулд лабораторийн тоног төхөөрөмж, хүний нөөцийг зохих түвшинд хадгалж, холбогдох сургалт хөтөлбөрийг байгууллагадаа тогтмол авч, ур чадварын сорилтууддаа хамрагдаж байх нь чухал хариуцлага юм.

Пакистаны Хөдөө аж ахуй, биологийн институт (NIAB)-ын орлогч дарга Узма Макбуул, ХАА-н цөмийн шинжилгээний төв бидний итгэмжлэл авах ажилд байнгын дэмжлэг үзүүлж ирсэн, эдгээр байгууллагуудын тусламжгүйгээр бид итгэмжлэлийн шаардлагыг хангаж итгэмжлүүлж чадахгүй байлаа” гэв.

ХАА-н цөмийн шинжлэгээний төв нь, Австрийн Сайберсдорф дахь өөрийн лабораториудад газар тариалангийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг бөгөөд 400 орчим шинжлэх ухааны байгууллагыг хамарсан 25 төсөл хэрэгжүүлж байна. Ингэж хүнс, хөдөө аж ахуйн салбарт цөмийн технологийг эрсдэлгүй, зохистой хэрэглэх арга замыг боловсруулж, дэмжихэд хувь нэмрээ оруулдаг байна.

Мөн техникийн хамтын ажиллагааны үндэсний болон бүс нутгийн 200 гаруй төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, технологи арга аргачлалаа хуваалцах ажлыг илүү хурдан шуурхай болгох үйл ажиллагаа зохион байгуулдаг ба шийдвэр гаргах түвшний байгууллагад техникийн болон бодлогын зөвлөгөө өгдөг.  

Энэхүү төвийн дэмжлэгээр анх 2017 онд итгэмжлэгдэж байсан NIAB нь амьтны гаралтай эм, химийн бүтээгдэхүүний шинжилгээ хийх итгэмжлэлээ 2023 он хүртэл сунгуулжээ. Энэхүү итгэмжлэл нь, Европын холбооны улсуудад мах махан бүтээгдэхүүнд хэрэглэгддэг хонины өлөн экспортолдог Пакистаны худалдаачдад маш том дэмжлэг болсныг ноён Макбуул мөн дурьдсан байна.

Монгол улсын хувьд, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) нь магадлан итгэмжлэлийн хугацаагаа мөн 2023 он хүртэл сунгуулж чадсан байна. Тус байгууллага нь ХАА-н цөмийн шинжилгээний төвийн дэмжлэгээр ажилтнууддаа шинжилгээний арга зүй болон туршилт, шинжилгээний протокол хөтлөх чиглэлээр сургалт авсан бөгөөд ОУАЭА-ийн ТХА-ны төслүүдээр шинжилгээний зарим тоног төхөөрөмж худалдан авах, олон улсын ур чадварын сорилтод оролцох зэрэг ажлыг гүйцэтгэсэн юм.

УМЭАЦТЛ-ийн Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах оношлогоо тандалтын албаны дарга Ц.Энхтуяа, “Мах, сүүний чиглэлийн мал аж ахуйд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор их хэмжээний эм тариа хэрэглэдэг, эдгээр бүтээгдэхүүнд эмийн үлдэгдэл үзэх, хүнсний аюулгүй байдлын шинжилгээ хийх нь хамгийн нарийн ажил байдаг” гэжээ.

Маш бага хэмжээтэй байгаа химийн бодисуудын нарийн ширхэглэг болон биологийн өөр өөр бүтэцтэй матрицад задралын бүтээгдэхүүнийг нь тодорхойлоход өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж, арга техник хэрэгтэй.

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ажил хойшлогдох тохиолдол гарсан ч УМЭАЦТЛ хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй микотоксин, радионуклид, хортой металл, эмийн үлдэгдэл, эмгэг төрүүлэгч бичил биетнийг илрүүлэх гэх мэт шинжилгээг 28,000 гаруй хүнсний дээжинд хийж гүйцэтгэжээ.

ХАА-н цөмийн шинжилгээний төвийн  дэмжлэгээр магадлан итгэмжлэл авсан бусад улс орнуудын хувьд:

  • Боствана улсын Үндэсний мал эмнэлэгийн лаборатори нь тус улсын үхрийн махны экспортод голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ISO стандартын магадлан итгэмжлэлийн хүрээгээ өргөжүүлэн, 2023 оныг хүртэл,  

  • Намиби улсын үндэсний стандартын байгууллага нэмж шинэ хоёр шинжилгээний аргаар магадлан итгэмжлэлд орж, 2023 оныг хүртэл,

  • ӨАБНУ-ын Ондерстепорт мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн малын махан дахь эмийн үлдэгдэл, амьтны гаралтай шингэн хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл, загас, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнүүдэд хийгддэг шинжилгээний шинэ хоёр арга зүйгээр 2022 оны 11 сар хүртэл,

  • Уганда улсын стандартын үндэсний байгууллага мөн хүнсний бүтээгдэхүүнд бичил биетэн илрүүлэх, химийн хорт бодисын шинжилгээгээр 2026 он хүртэл тус тус магадлан итгэмжлэлээ авсан байна.

Эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/news/food-safety-labs-in-seven-countries-attain-accreditation-with-iaea-and-fao-support

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй