КАЗАХСТАН УЛСЫН ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАХ АСУУДАЛ ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД ОРЖЭЭ.

Дэлхийн хамгийн том ураны үйлдвэрлэгч Казахстан улс цөмийн эрчим хүчний станц барих асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар зэхэж байгаа энэ үед тус улсын үндэсний бодлого боловсруулагчид болон оролцогч талуудын хамтарсан “Дэлхийн цөмийн анхаарлын төв дэх Казахстан” сэдэвт цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн талаарх үзэл баримтлалаа хуваалцсан арга хэмжээг Алматы хотод зохион байгууллаа.

Казатопром компанийн гүйцэтгэх захирал Мейржан Юсупов, Казахстаны Эрчим хүчний яамны Цөмийн эрчим хүч, аж үйлдвэрийн газрын дэд захирал Гульмира Мурсалова, Казахстаны Үндэсний цөмийн төвийн ерөнхий захирал Эрлан Батырбиков, Казахстаны Цөмийн эрчим хүчний станцын ерөнхий захирал Тимур Зантикин, Дэлхийн цөмийн нийгэмлэг (WNA)-ийн ерөнхий захирал Сама Бильбао И Леон нар Казахстан улсын эрчим хүчний хөгжлийн талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Энэхүү арга хэмжээг БНКазУ-ын Эрчим хүчний яам Дэлхийн цөмийн нийгэмлэгтэй хамтран тус улсад цөмийн эрчим хүчний станц барих асуудлаар бүх нийтийн санал асуулгыг эхлүүлэхээс өмнө олон нийтэд ойлголт өгөх, дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан байна. Казахстаны Засгийн газар, аж үйлдвэр, судалгааны байгууллагууд зэрэг өндөр түвшний төлөөлөгчид болон олон улсын цөмийн салбарын тэргүүлэгчидтэй хамтран Казахстанд цөмийн эрчим хүчний станц барихад тавигдах шаардлага, цөмийн эрчим хүчний төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон аж.

Өнгөрсөн сард Бельги улсын Брюссель хотноо зохион байгуулагдсан ОУАЭА-ийн тэргүүлсэн Цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад Казахстаны Эрчим хүчний дэд сайд Сунгат Есимханов оролцож, тус улсад одоогийн байдлаар 3 судалгааны реактор ажиллаж байгаа, бид цөмийн хурдан реакторын хуучин дэд бүтэцтэй бөгөөд цөмийн эрчим хүч ашиглах нь манай улсын чухал асуудал юм. Өнгөрсөн оны COP28-аар цөмийн эрчим хүчний одоогийн байгаа чадлыг 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн дэлхийн улс орнуудын сайд нарын тунхаглалд онцлон тэмдэглэж гарын үсэг зурж, цөмийн эрчим хүчийг нүүрсхүчлийн хийг “цэвэр тэг” буюу арилгах гол хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрч буйг дурдсан байна.

Түүнчлэн Казатомпромын гол хувьцаа эзэмшигч Самрук-Казыны Стратеги, хөрөнгийн менежментийн ерөнхий захирал Ернат Бердигулов хэлэхдээ Казахстан бол уран олборлодог экспортлогч орон учраас бид энэ давуу талаа дээд зэргээр ашиглах үүрэгтэй, цөмийн эрчим хүчний хэрэгцээг Казахстаны хувьд нүүрстөрөгч багатай эрчим хүчний эх үүсвэр гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тус сан нь бага чадлын модульяр реактор (SMR)-ын технологийн дэвшлийг дагаж мөрдөж байгаа ба энэ нь ялангуяа алслагдсан бүс нутагт “олон талын шийдэл”-ийг хангах юм. Ураны түлш бол биднийг нүүрстөрөгчгүй, цэвэр тэг болгох зорилтдоо хүрэхэд зайлшгүй шаардлагатай гэж хэлжээ.

Нүүрстөрөгчгүйжүүлэх буюу нүүрстөрөгчийг арилгах замын зураглал

БНКазУ бол олон бүс нутгууддаа түшиглэсэн нүүрсний баялаг нөөцтэй орон хэдий ч нүүрстөрөгчөөс ангижрах чиглэлээр шаргуу ажиллаж, сэргээгдэх эрчим хүч, мөн цөмийн эрчим хүчний салбарт эрчимтэй ахиц дэвшил гаргаж байна. Тус улс нь ОУАЭА-ийн цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн дэд бүтцийг бий болгоход анхны цөмийн эрчим хүчний станцаа төлөвлөх гэж буй эсвэл төлөвлөж буй улс орнуудад дэмжлэг үзүүлэх дэвшилтэт үе шаттай арга бүхий “Замын зураглал”-ын арга барилыг баримталж байна. Өнгөрсөн 2023 онд БНКазУ-ын Ерөнхийлөгч Токаев цөмийн эрчим хүчний станц барих асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буйгаа зарласан бөгөөд одоогоор тов нь хараахан тодорхойгүй байгаа, Ерөнхийлөгчийн зарлигаас хамаарах аж. Энэхүү төслийг амжилттай үргэлжүүлэхэд бүх нийтийн санал асуулгын үр дүн нааштай гарах шаардлагатай боловч түүнээс гадна технологийн тохиромжтой хувилбарын сонголтоо хийх, цөмийн төслийн талаар олон нийтэд хүргэх, мэдээллэх үйл ажиллагааг дэмжих чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлууд байгаа аж. Балхаш нуурын эрэг дээрх Улкен хэмээх газар нь цөмийн эрчим хүчний станц барихад тохиромжтой газар хэмээн газар сонголтын судалгаагаар тогтоогдсон хэдий ч цөмийн эрчим хүчний станц барихаас өмнө нутгийн иргэд, оршин суугчидтай зөвшилцөлд хүрэх ёстой.

Технологийн сонголтууд

Казахстаны анхны цөмийн эрчим хүчний станц нь том оврын цөмийн эрчим хүчний реактор байх бөгөөд ирэх 10 жилдээ бол нүүрс тус улсын эрчим хүчинд голлох үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх болно. Үүнээс гадна бага чадлын модульяр реактор нь ашиглалтын хугацаа дууссан нүүрсний үйлдвэрүүдийг солих сонголт байж болох бөгөөд зарим бүс нутагт “Төгс” шийдэл болж чадна гэв. Цөмийн хөтөлбөрийн анхаарах зүйлийн нэг нь санхүүжилт бөгөөд Эрчим хүчний яамны Цөмийн энерги, аж үйлдвэрийн газар зээл гэх мэт боломжит хувилбаруудын талаар түншүүдтэйгээ ярилцаж байгаа, одоогоор шийдвэр эцэслэгдээгүй байна. Цөмийн эрчим хүчний станцуудыг төвлөрсөн дулаан хангамж, дулааны хэрэгцээнд ашиглах нь эрсдэлийг бууруулахад тустай. Казахстан бол хуучин Актау дахь BN-350 хурдан реакторыг 1973-1999 оны хооронд арилжааны зориулалтаар ажиллуулж, давсгүйжүүлэх үйлдвэрийг уураар хангаж, ойролцоох хотын цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж байсан туршлагатай ажээ.

Чадавхыг бэхжүүлэх

Казатомпром компани нь 25 гаруй жилийн туршид найдвартай, хариуцлагатай уран нийлүүлэгч байсны хувьд улсынхаа цөмийн эрчим хүчний үйлдвэрт ураны түлш үйлдвэрлэхэд идэвхтэй оролцох хүсэлтэй байгаагаа тус компанийн гүйцэтгэх захирал илэрхийлжээ. Мөн тус компани нь Казахстаны ураны нөөцийг улсынхаа цөмийн хөтөлбөрийг хурдасгах, ялангуяа ураныг хөрвүүлэх, баяжуулах замаар ашиглахын тулд цөмийн түлшний циклийн үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийх боломжийг эрэлхийлж байгаа. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтын шийдвэр нь зах зээлийн байдлаас шалтгаалах “нарийн тэнцвэр” бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа нөхцөлд Казатомпром бэлэн ба сонирхож байна гэдгээ илэрхийлсэн байна.

Казахтсан улс одоо ашиглаж буй судалгааны реакторууд болон BN-350 хурдан реактор, байгалийн ураны үйлдвэрлэлийн замналаараа цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг дэмжих чадавхтай бөгөөд цөмийн эрчим хүчний зохицуулалтын дэглэмийг/соёлыг аль хэдийнээ бүрдүүлчихсэн. Казахстаны холбогдох байгууллагууд хүний нөөцийг хөгжүүлэхэд бэлэн байгаа, БНКазУ-ын Үндэсний цөмийн төв бүх нийтийн асуулга явуулахаас өмнө Казахстаны Засгийн газар, ард иргэд, олон нийтийг мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Казахстаныг дэмжиж байна.

Казахтсан улсын цөмийн эрчим хүчний үр өгөөжийг ашиглах байр суурь, хүчин чармайлтад нь Дэлхийн цөмийн нийгэмлэг дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Улс орон бүр үр дүнтэй, тэгш байдлаар “цэвэр тэг” зорилтод хүрэхийн тулд юу шаардлагатай вэ гэдэгт нухацтай хандаж, прагматик үнэлгээ хийх ёстой. Үүний дараах чухал алхам бол үндэсний хэмжээнд зөвшилцөлд хүрэх явдал бөгөөд ямар ч шийдвэр гарсан бай тухайн улс орон сэтгэл хангалуун байх маш чухал юм. Дэлхийн цөмийн нийгэмлэг, ОУАЭА зэрэг дэлхийн аж үйлдвэр, олон улсын байгууллагууд Казахстаныг энэ асуудлаар шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Казахстан улс дэлхийн цөмийн гэр бүлийн нэг хэсэг нь болох шийдвэр гаргавал бид та бүхнийг өлгийдөн авахдаа бэлэн байна гэж WNA-ийн захирал хэлжээ.

Эх сурвалж: https://world-nuclear-news.org/Articles/Kazakhstan-shines-spotlight-on-nuclear-powered-fut

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй