РУМЫН УЛСАД БАГА ЧАДЛЫН РЕАКТОР (SMR) БАРИХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАГДЛАА.

Шотландын Глазгоу хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал (COP26)-ын үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан элч Жон Керри, Румын Улсын Ерөнхийлөгч Клаус Иоханнис нар уулзаж,  хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө зарласан юм.

Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр АНУ-ын NuScale Power компани болон Румын улсын үндэсний цөмийн Nuclearelectrica компани хооронд NuScale компанийн бага чадлын технологийг Румын Улсад барих ажлыг урагшлуулахад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу NuScale компани нь Nuclearelectrica-д технологио үнэлэхэд нь туслалцаа үзүүлж, 2027/2028 онд Румын Улсад 462 МВт хүчин чадалтай NuScale-ийн 6 модуль бүхий анхны цөмийн эрчим хүчний станцыг барих алхмуудыг хийх ажээ.

“Уг хамтын ажиллагааны гэрээгээр Nuclearelectrica болон NuScale компаниуд ашиглалтаас гарсан нүүрсний станцуудын талбайг ашиглаж, аюулгүй, хямд үнээр нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй эрчим хүчний технологийг хөгжүүлэхээр дараагийн чухал үе шатуудыг тодорхойлсон" гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ. "2032 он гэхэд 4.59 ГВт чадалтай нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийг зогсоох Румын Улсын Засгийн газрын Үндэсний сэргээх, даван туулах төлөвлөгөөг дэмжих болно. Nuclearelectrica болон NuScale компаниуд нь нүүрсний станцын зориулалтыг өөрчилснөөр олон нийт болон үйлдвэрийн ажилчдыг нүүрстөрөгчгүйжүүлсэн эрчим хүч рүү шилжихэд туслах төдийгүй орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг үргэлжлүүлэн хангана. Энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь нүүрстөрөгчөөс ангижруулахыг эрмэлзэж буй Гурван тэнгисийн санаачилгын бусад орнуудад ч мөн байршуулахад хурдасгуур болж байна" гэж мөн дурджээ.

Гэрээнд гарын үсэг зурсан явдлыг АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм талархан хүлээн авч, “АНУ цөмийн эрчим хүч нь хүлэмжийн хийг бууруулах, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хүчин чармайлтын гол технологи гэж үзэж байна. Бид олон арван жилийн турш SMR-ийн хөгжлийг дэмжиж ирсэн бөгөөд Румын Улсад уур амьсгалын зорилгодоо хүрэхэд нь туслах энэхүү чухал үеийг тэмдэглэж байгаадаа туйлын баяртай байна" гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.world-nuclear-news.org/Articles/Teaming-agreement-signed-for-Romanian-SMR-deployme

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй