“АТОМЭКСПО-2024” ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ.

ОХУ-ын атомын энергийн “Росатом” улсын корпораци энэ оны 3 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Сочи хотноо “АТОМЭКСПО-2024” 13 дахь удаагийн олон улсын чуулга уулзалт зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний стратегид цөмийн эрчим хүчний гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцжээ.

2009 оноос хойш зохион байгуулагдаж буй уг чуулга уулзалтуудад олон улсын цөмийн салбарын томоохон компаниуд, төрийн байгууллагууд, олон улсын болон олон нийтийн байгууллагын тэргүүнүүд, тэргүүлэх мэргэжилтнүүд оролцож, оролцогч талуудыг хамарсан нэгдсэн хуралдаан, дугуй ширээний сэдэвчилсэн ярилцлага, хэлэлцүүлэг, цөмийн салбарын дэлхийн тэргүүлэгч компаниуд өөрсдийн технологи, ур чадвараа танилцуулах үзэсгэлэнгийн үйл ажиллагаа зохион байгуулагддаг.

Энэ удаагийн чуулга уулзалтад 75 улс, 70 гаруй аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын 4500 гаруй төлөөлөгч оролцсоноос Буркина Фасо, Мали, Нигер, Ирак зэрэг орнууд анх удаа оролцжээ.

Чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанаар “Цэвэр эрчим хүч: Ирээдүйг хамтдаа бүтээе” сэдвийн хүрээнд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн дэлхий дахины хөгжлийн талаар хэлэлцсэн бөгөөд ОУАЭА-ийн орлогч дарга Михаил Чудаков, Росатомын Ерөнхий захирал Алексей Лихачев, Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сийярто нар оролцсон байна.

ОУАЭА-ийн орлогч дарга Михаил Чудаков хэлсэн үгэндээ “Бид 2050 он гэхэд нүүрстөрөгчийн түлшийг халахын тулд жил бүр 40 ГВт нэмэгдүүлэх ёстой. ОУАЭА-ийн таамаглалаар 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 2.5 дахин өснө, гэвч дэлхийн эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийт хүчин чадалд цөмийн эрчим хүчний эзлэх хувь одоогийн адил 9% байна. Улс төрийн санал зөрөлдөөн нь цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад болж байгаа бөгөөд цөмгүйгээр бид Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрч чадахгүй.” гэжээ.

“2030 он гэхэд Европын цахилгаан эрчим хүчний хэрэгцээ 50% өснө. Тэгэхээр бид үүнийг хэрхэн хямд, аюулгүй, байгаль орчинд ээлтэй байдлаар хангах вэ? гэдэг асуулт гарч ирж байгаагийн цорын ганц хариулт нь цөмийн эрчим хүч юм. Унгар улс бол үүний тод жишээ. Европ, Оросын цөмийн хамтын ажиллагаа байхгүй бол бидний өрсөлдөх чадвар улам саарна. Бид Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрч чадахгүй” гэж Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сийярто хэлжээ.

Росатомын Ерөнхий захирал Алексей Лихачев “Ирэх 20 жилд Орос Улс 40 гаруй цөмийн эрчим хүчний станц барьж, үндэсний эрчим хүчний бүтцэд цөмийн үйлдвэрлэлийн эзлэх хувийг 25%-д хүргэнэ. 2050-2060-аад онд бид энэ хувийг 1/3 болгон нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Чанарын өөрчлөлтийн хувьд бидний зорилго бол реакторын технологийн III+ үеэс IV үед шилжих явдал юм. Реакторын хэмжээ дунд, бага чадлынх байхаас гадна их чадлынх байхаар төрөлжүүлнэ. 2050-иад оны эцэс гэхэд бид халуун цөмийн нэгдлийг эзэмших нь тодорхой юм. Эдгээр амжилтад хүрэхийн тулд бид цөмийн эрчим хүчний талаар "сайн" ба "муу" гэсэн улс төрийн хуваагдлыг даван туулж, мэргэжлийн нээлттэй яриа хэлэлцээ өрнүүлж, цөмийн төслүүдийг иж бүрнээр нв авч үзэх хэрэгтэй юм. Дэлхийн цөмийн гэр бүлийн гишүүд, тэр дундаа АТОМЭКСПО-д оролцож буй 75 орон цөмийн мэдлэг, технологийг хүн бүрд хүртээмжтэй болгохын тулд бүхнийг хийх нь чухал юм." гэжээ.

Арга хэмжээний гол сэдвүүдийн нэг нь IV үеийн цөмийн технологи байв. Чуулга уулзалтын нэг чухал хэсэг нь BREST-OD-300 хэмээх IV үеийн реакторын шинэлэг цөмийн түлшний туршилтын үйлдвэрлэлийг эхлүүлэх ёслолын ажиллагааг Томск мужийн Северск хотоос цахим хэлбэрээр зохион байгуулсан явдал байв.

Чуулга уулзалтын үеэр 80 гаруй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, баримт бичигт гарын үсэг зурснаас онцолбол Буркина Фасо Улс нь Росатомын шинэ түнш болж, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааг өргөжүүлэх замын зураглалд гарын үсэг зурсан. Энэхүү баримт бичигт тус улсын цөмийн салбарын хүний нөөц, дэд бүтцийг хөгжүүлэх тодорхой алхмуудыг тусгасан бөгөөд цөмийн энергийн талаар олон нийтийн эерэг санаа бодлыг бий болгоход чиглэгдэх ажээ.

Орос-Беларусийн цөмийн эрчим хүчний бус болон цөмийн бус төслүүдийн хамтын ажиллагааны иж бүрэн хөтөлбөрт гарын үсэг зуржээ. Энэ нь хамтарсан хөрөнгө оруулалттай төслүүдийг хэрэгжүүлэх, Беларусийн эрчим хүчний салбар, аж үйлдвэрт аж үйлдвэрийн 4.0 технологийг нэвтрүүлэх зэрэг ойрын хэдэн жилийн хамтын ажиллагааны үндсэн зорилтуудыг тодорхойлсон байна.

Чуулга уулзалтуудын хуралдаанууд нь уур амьсгалын өөрчлөлт, цөмийн эрчим хүчийг оролцуулан эрчим хүчний олон эх үүсвэрийг ашиглах, цөмийн анагаах ухааны төслүүдийг хөгжүүлэхэд мөн чиглэгдэж байсан бөгөөд “Росатом” Никарагуа Улстай “Цөмийн анагаах ухааны төв байгуулах төслийн замын зураглалыг боловсруулах гэрээ”-нд гарын үсэг зурсан. Энэхүү шинэ төв нь нийгэмд тулгамдаж буй өвчлөл, тэр дундаа хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр дагнан ажиллах юм. Мөн Казахстаны бүс нутагт цөмийн анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ.

"Росатом"-ын Салхины эрчим хүчний хэлтэс болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Эрчим хүчний яам хооронд 1 ГВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний байгууламж барих хөрөнгө оруулалтын төслийг боловсруулах, хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Дэлгэрэнгүйг:

https://atommedia.online/en/2024/03/28/forum-atomekspo-2024-stal-rekordnym-po/

https://www.rosatom.ru/en/press-centre/news/the-plenary-session-of-atomexpo-2024-focused-on-the-challenges-faced-by-the-global-atomic-power-comm/

https://www.world-nuclear-news.org/Articles/Agreements-Burkina-Faso,-Nicaragua-and-Kazakhstan

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй