КАЗАХСТАНЫ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВАГДАЖ ДУУСЖЭЭ.

БНКазУ цөмийн эрчим хүчний станц барих асуудлаар энэ оны сүүлээр санал асуулга явуулахаас өмнө олон нийтийн цуврал уулзалт, хэлэлцүүлгийг хийж, сүүлийн хэлэлцүүлгийг тус улсын нийслэл Астана хотноо зохион байгуулжээ.

БНКазУ нь ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг бөгөөд цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, эрчим хүчээ төрөлжүүлэхээр эртнээс анхаарч ирсэн. Өнгөрсөн оны 09 дүгээр сард Ерөнхийлөгч К.Ж.Токаев ард түмэндээ хандаж 2024 онд цөмийн эрчим хүчийг ашиглах талаар бүх нийтийн санал асуулга явуулна гэдгээ мэдэгдсэн. Санал асуулга явуулах өдрийг товлосон Ерөнхийлөгчийн зарлиг хараахан гараагүй хэдий ч энэ намар явуулна гэж 06 дугаар сард мөн мэдэгдэж байжээ.

БНКазУ-ын Цөмийн энергийн тухай хуулинд Цөмийн эрчим хүчний станц барих асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлж, орон нутагтай гэрээ байгуулахыг шаарддаг бөгөөд Астанад болсон арга хэмжээ нь бүс нутгуудаар зохион байгуулсан сүүлчийн цуврал хэлэлцүүлэг гэж Эрчим хүчний яамнаас мэдэгджээ.

Астана хотноо зохион байгуулсан хэлэлцүүлгийг Казахстаны Иргэдийн холбооны ерөнхийлөгч, Астана хотын Олон нийтийн зөвлөлийн дарга нар удирдаж, Засгийн газрын агентлаг, цөмийн салбарын мэргэжилтэн, эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд төслийн нийгэм-эдийн засгийн үр дагавар, технологийн аюулгүй байдал, Казахстаны ирээдүйн эрчим хүчний аюулгүй байдал зэрэг асуудлыг хөндөж, хэлэлцсэн байна.

БНКазУ нь ураны томоохон үйлдвэрлэгч, гол тоглогч хэдий ч цөмийн эрчим хүчний туршлагагүй. Гэхдээ ЗХУ-д зохион бүтээсэн BN-350 натрийн хөргүүртэй хурдан реакторыг 1999 оныг хүртэл 26 жилийн туршид Актау хотын ойролцоо ажиллуулж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, ус давсгүйжүүлсэн ба хэд хэдэн судалгааны реактор бүхий идэвхтэй цөмийн судалгаа-хөгжүүлэлтийн салбартай.

Ирээдүйд баригдах цөмийн эрчим хүчний станцын оператораар сонгогдсон “Казахстаны цөмийн эрчим хүчний станц” ХК-ийн захирал хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ “Одоогийн байдлаар Турк улсад баригдаж буй цөмийн эрчим хүчний станц барих ажилд 600 орчим казах мэргэжилтэн оролцож байна. Энэхүү баг нь ОХУ-д BN-800 цөмийн эрчим хүчний реактор барих ажилд мөн оролцож байсан” гэжээ.

Төслийг хэрэгжүүлэхийн тулд бүх нийтийн санал асуулгын дүн эерэг гарах шаардлагатай хэдий ч БНКазУ шатмал түлш (нүүрсний цахилгаан станц)-нээс хамааралтай байдлаа бууруулж, эрчим хүчээ төрөлжүүлэх, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үе шаттайгаар бэлтгэж байна. “Казахстаны цөмийн эрчим хүчний станц” ХК нь цөмийн эрчим хүчний хэрэгцээ, станц барих байршлын сонголт, станцын төлөвлөсөн эрчим хүчний гаралтыг үнэлэх зорилгоор 2018 оноос ТЭЗҮ боловсруулж эхэлжээ.

Цөмийн эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж буй улс орнуудад дэмжлэг үзүүлдэг ОУАЭА-ийн үнэлгээний баг агентлагийн цөмийн эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх шаталсан аргачлалын дагуу Казахстаны цөмийн дэд бүтцийн байдлыг шалгах зорилгоор өнгөрсөн онд 4 өдрийн туршид үнэлгээ хийсэн.

БНКазУ-ын цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн зарим нэг зүйлс нь өнгөрсөн 04 дүгээр сард мөн Алмата хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн анхаарлын төвд” арга хэмжээн дээр тодорхой болсон бөгөөд ЦЭХС барихад хамгийн тохиромжтой газар сонголтод Балхаш нуурын эрэг дээрх Улкен хэмээх газрыг, нөөц бүсээр Курчатовыг сонгосон тухай мэдэгдэж байсан.

Санал болгож буй анхны цөмийн эрчим хүчний станц нь их чадлын реактор байх боловч ирэх жилүүдэд ашиглалтаас гарсан нүүрсний станцуудыг орлох бага чадлын модуляр реакторуудыг ашиглах боломж бас бий ажээ. БНКазУ-ын Засгийн газрын зорилт бол 2035 он гэхэд үндэсний эрчим хүчний үйлдвэрлэлийн 5%-ийг цөмийн эрчим хүчээр хангах явдал аж.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй