Бага чадлын модуляр реакторын хөгжүүлэлтийг эрчимжүүлж, ашиглалтад шилжүүлэх ОУАЭА-ийн санаачилга

Бага чадлын модуляр реакторын үнэ

Цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгч бага ялгаруулдгаараа УЦС-ын дараа орох эрчим хүчний хоёр дахь том эх үүсвэр бөгөөд дэлхийн цэвэр цахилгаан эрчим хүчний 25 орчим хувийг бүрдүүлж байна. Одоогоор ажиллаж байгаа цөмийн эрчим хүчний реакторууд нь нүүрстөрөгч бага ялгаруулдаг цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн тэргүүн эгнээнд байгаа ч бага чадлын модуляр реактор (БЧМР) гэх мэт шинэлэг технологи, хийцийг гаргаж ирж байгаа нь илүү олон улс оронд цэвэр, хүртээмжтэй эрчим хүчийг үйлдвэрлэх боломжит хувилбарыг санал болгож байна.

БЧМР-ын эд ангиудыг үйлдвэрт угсарч, тээвэрлэн, газар дээр суурилуулах боломжтой бөгөөд энэ нь илүү хямд өртгөөр, богино хугацаанд барьж ашиглалтад оруулах боломж олгоно. Мөн алслагдсан байршилд болон цахилгаан дамжуулах шугам сүлжээний хүрэлцээ хангалтгүй газруудад БЧМР-ыг барьж ашиглах давуу талтай. БЧМР нь хэрэглэгчдийг цэвэр эрчим хүчээр тогтвортой хангаж чадах, цахилгаан болон дулааны хэрэглээний алинд ч тохирох, үйл ажиллагааны хувьд уян хатан, инноваци бүхий технологи гэж үзэж байна. Тухайлбал эрчим хүчний олон эх үүсвэрээр ашиглах эсхүл шугам сүлжээнд холбон суурь ачааллыг хангах боломжтой.

ОУАЭА-ийн Цөмийн нийцүүлэх болон стандартчилах санаачилга (NHSI – Nuclear Harmonization and Standardization Initiative, цаашид Санаачилга гэх)-ын зохион байгуулагдсан хуралдааны үеэр БЧМР-ын төрлүүд, тэдгээрийн зохицуулалтын арга барилыг нэгтгэх дэлхийн хүчин чармайлт ахиц дэвшилд хүрсээр байгааг онцлов.

Дэлхий дахинд дэвшилтэт реакторууд, тэр дундаа БЧМР-ыг хурдан бөгөөд үр дүнтэй, түүнчлэн тухайн оронд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байхаар барихад стандартчилсан хийцтэй байхыг шаарддаг тул энэхүү санаачилгыг гаргасан юм.

Санаачлагын III бүгд хурал 2024 оны 10 сард Вена хотод болж, одоогийн байдлаар гарсан ахиц дэвшил, дараагийн үе шатанд санал болгож буй чиглэлийн талаар ярилцсан байна.

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Р.М.Гросси энэхүү хурлыг нээж хэлэхдээ: "Зарим компани гэрээ байгуулсан тухай, эсвэл хэн нэгэн БЧМР-т чухал, сэтгэл хөдөлгөм зүйл хийх гэж байна гэж сонсохгүй л бол өдөр өнгөрч өгдөггүй. БЧМР нь зах зээлд хэрэгтэй зүйл, манай гаригт хэрэгтэй зүйл" гэж хэлсэн аж.

Зохицуулалтуудыг нэгтгэх нь (Regulatory Convergence)

Ноён Гросси "Дэлхий дахинд БЧМР-ыг нэвтрүүлэхэд зохицуулалтын нэгдмэл байдал шаардлагатай болно. Бид нэг зэрэг бүгдийг хийж чадахгүй, учир нь энэ бол боломжгүй зүйл, гэхдээ бусдын хийж буй зүйлийг хөшүүрэг болгож чадах тодорхой хамтын ажиллагаагүйгээр модуляр, уян хатан бизнесийн загвар зүгээр ажиллана гэж байхгүй" хэмээв.

Үйлдвэрлэгчдийн замнал (Industry Track)

ОУАЭА-ийн Цөмийн эрчим хүчний хэлтсийн захирал Алин дес Клойзеа, уг Санаачлагын үзэл баримтлалыг “цөмийн техникийг энгийн байлгахын зэрэгцээ аюулгүй, найдвартай байдлыг хадгалах” гэж тайлбарлав.

Тэрээр нэмж хэлэхдээ: "Бид илүү хурдан, хялбар, илүү хэмнэлттэй БЧМР-ын төслүүдийг хэрэгжүүлэх замыг нээж байна" гэжээ.

Тус Санаачлага нь 30 гаруй орны 200 гаруй оролцогчтой бөгөөд хэд хэдэн үндсэн салбарыг уялдуулан ажилладаг, эдгээрт эцсийн хэрэглэгчийн шаардлага, дэвшилтэт цөмийн реакторуудын үйл ажиллагаа (NEXSHARE), гүйцэтгэлийг хянах компьютерийн кодууд дээр хамтран ажиллах зэрэг орно.

Санаачлагын богино хугацааны зорилтууд нь борлуулагч болон үйлчлүүлэгчдийн аль алиных нь замыг тодорхойлох, цаг хугацаа, зардлыг бууруулах; эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахад шаардагдах нийтлэг зүйлсийг хөнгөвчлөх; БЧМР-г барихад авсан сургамжуудыг цуглуулах зэрэг юм.

Зохицуулагчдын замнал (Regulatory Track)

ОУАЭА-ийн Цөмийн байгууламжийн аюулгүй байдлын хэлтсийн захирал А.Х.Брэдфорд уг санаачилгын хоёр дахь зорилгыг тайлбарлав. “Санаачлагын урт хугацааны зорилт нь дэвшилтэт реакторуудын зохицуулалтын хяналтыг дэлхийн хэмжээнд хөгжүүлэх явдал юм. Энэ бол амбицтай зорилго. Энэ зорилгод хүрэх алхмууд нь зохицуулалтын байгууллагуудын хооронд өндөр түвшний итгэлцлийг бий болгох, янз бүрийн улс орнуудын зохицуулалтын тогтолцооны нийтлэг болон ялгаатай байдлын талаархи ойлголтыг бий болгох явдал юм.”

Брэдфорд “Санаачлага нь үндэсний зохицуулагчидтай нягт хамтран ажиллахын хамт гишүүн орнуудын шийдвэр гаргах бүрэн эрхт байдлыг үргэлж хүндэтгэн, баталгаажуулж байх болно. Үүнээс гадна бид БЧМР-ын цөмийн аюулгүй байдлын асуудлаар тусгайлсан ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь гишүүн орнуудад бас нэг чухал нөөц болох юм." гэж нэмж хэлэв.

Олон улсын хэлэлүүлэг (International Debate)

Мөн зарим улс Санаачлагын одоогийн ахиц дэвшил, ирээдүйн төлөвлөгөөний талаар санал бодлоо илэрхийлэв. Эхний шатанд хийсэн ажлын үнэ цэнэ, хоёр дахь шатанд хийхээр төлөвлөж буй чиглэлийн талаар олон нийт санал нэгдэж, хэлэлцэх шаардлагатай олон асуудлыг хөндөж ярилцав.

Арабын Нэгдсэн Эмират улсын Цөмийн зохицуулалтын холбооны газрын (FANR) Ерөнхий захирал К. Викторссон хэлэхдээ: "Энэ Санаачилга үр дүнтэй болох нь тодорхой бөгөөд зохицуулалтын аргачлалыг жигдрүүлэх, стандартчилах хүчийг аль хэдий нэмэгдүүлж байна.

Их Британийн Цөмийн хяналтын газар (ONR)-ын ажилтан П.Файф “Үйлдвэрлэгчид ба Зохицуулагчид хоорондын хамтын ажиллагаа бол гол түлхүүр. Их Британийн ONR II шатыг хүчтэй дэмжиж байна. Энэ ажлыг хийх зайлшгүй шаардлага бий" хэмээжээ.

Зохицуулагчдын болон үйлдвэрлэгчдийн төлөөллүүд аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг ярилцахаас гадна шинээр нэгдэж буй орнуудтай мэдээлэл солилцох, нууцлал, ажлын давхардлаас зайлсхийх, зохицуулагчид болон операторуудын хамтын ажиллагаа, тэргүүлэх чиглэлүүдийг сонгох, техникийн мэргэжилтнүүдтэй зөвлөмжийг баталгаажуулах зэрэг сэдвүүдийн талаар ярилцсан байна.

Санаачлага нь ажлын хэсгүүдээс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх дараагийн шатанд шилжиж байна. Дараагийн шат нь зохицуулалтын нийтлэг ба ялгаатай талуудыг илүү сайн тодотгож, технологийн онцлогт тохирсон хэрэглэгчийн шаардлагыг судалж, урт хугацааны тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд ямар зүйлс шаардлагатай байгааг судлах зэрэг юм.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй