ОХУ, БНФУ хоёр устөрөгчийн түншлэлээ зарлав

БНФУ-ын EDF групп (Électricité de France), Росатом корпораци ОХУ болон Европын цэвэр устөрөгчийн төслүүдийг хамтран дэмжих гэрээнд гарын үсэг зурсан байна. 

Росатом корпораци устөрөгчийн технологийг хөгжүүлэх нь дэлхийн дундаж температурын өсөлтийг 2100 он гэхэд Цельсийн 2 хэмээс доош байлгахад чиглэсэн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

ОХУ-ын цөмийн үйлдвэр нь устөрөгчийн үйлдвэрлэлийн гол арга болох электролиз, метаныг уураар хөрвүүлэх аргаар нүүрсхүчлийн хийг барих технологийг ашиглан боловсруулах технологийн болон судалгааны томоохон чадавхитай гэж Росатом мэдэгдэж байна.

Росатом корпораци нь нүүрстөрөгч багатай устөрөгч үйлдвэрлэх технологийг хөгжүүлж, түүнийг хадгалах, ОХУ болон гадаадад туршилт хийгдэж буй устөрөгчийн туршилтын төсөлд оролцоход төвлөрөөд байна.

Францийн EDF групп нь төрөлжсөн салбар болох Hynamics-ийг байгуулж, түүгээр дамжуулан устөрөгчийн эрчим хүчний салбарт 2019 оноос орсон.

Росатомын ерөнхий захирлын олон улсын бизнес эрхэлсэн нэгдүгээр орлогч Кирилл Комаров хэлэхдээ манай улсын цөмийн корпораци нь цөмийн эрчим хүч дэх “чухал өрсөлдөөн”-өөр хязгаарлахгүй, нүүрстөрөгчгүй үүсгүүрийг “системтэй” хөгжүүлж байна. Бид дэлхийн эрчим хүчний сүлжээнд устөрөгчийн үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, хэрэглээнд гол тоглогчдын нэг болоход бэлэн байна. Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчөөс ангижруулах зорилтуудын хүрээнд устөрөгчийн эрчим хүч нь олон улсын хамтын ажиллагааны хувьд агуу их боломж юм. EDF групптэй хамтран ажилласнаар бид зөвхөн Орос, Францад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт устөрөгчийн хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломжийг олгох хүчирхэг хамтын үр нөлөөг бий болгоно гэдэгт би итгэлтэй байна.

EDF группын олон улсын хөгжлийн газрын захирал Беатрис Буффон “Манай компанийн үйл ажиллагааны мөн чанар нь цахилгаан эрчим хүчийн шинэлэг шийдэл, үйлчилгээгээр дамжуулан эх дэлхийгээ хамгаалж, нийгэм-эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах нүүрстөрөгчгүй энергийн ирээдүйг бий болгох явдал юм. Устөрөгчийн үйлдвэрлэл нь нүүрстөрөгчийн ялгарал хамгийн бага бөгөөд эрчим хүчний шилжилтийг хангах гол арга замуудын нэг юм. Цэвэр устөрөгчийн гол тоглогчдын нэг болох Росатомтай хийсэн гэрээ буюу Орос дахь бидний түүхэн түншлэл нь манай группын улс орон, бүс нутагт нүүрсхүчлийн хийг хамгийн бага ялгаруулах эрчим хүчний шинэ загвар боловсруулах амлалтыг тодорхой харуулж байна” гэжээ.

Дэлхийн цөмийн нийгэмлэгийн Хармони (Harmony) хөтөлбөрийн захирал Кин Ли өнгөрсөн сард НҮБ-ын Европын эдийн засгийн комиссоос (UNECE) зохион байгуулсан семинарт нүүрстөрөгчийн ялгарал багатай устөрөгчийг хэд хэдэн үр дүнтэй процессоор дамжуулан үйлдвэрлэхэд цөмийн эрчим хүчийг хэрхэн ашиглаж болох талаар ярьжээ.

НҮБ-ын Европын эдийн засгийн коммиссын Цэвэр цахилгаан эрчим хүчний системийн шинжээчдийн бүлгийн дэд даргын хувьд үг хэлэхдээ цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгчийн ялгарал багатай устөрөгчийг хэд хэдэн аргаар бий болгож чадна. Үүнд: цөмийн цахилгаан эрчим хүчийг ашиглах бага температурт усны элетролиз, цөмийн эрчим хүчний цахилгаан, дулааныг ашиглах уурын электролиз, цөмийн эрчим хүчээр үйлдвэрлэх дулааныг ашиглах термохимийн процесс орно гэжээ.

Тэрбээр нүүрстөрөгчийн ялгаруулалт бага биш боловч метаныг уураар хувиргах өөр нэгэн процесс нь шаардлагатай дулааны энергийг хангахын тулд цөмийн эрчим хүчээр үйлдвэрлэх дулааныг ашигласнаар байгалийн хийн хэрэглээг 30% орчим бууруулна. Эрчим хүчний шилжилтийн комисс (Energy Transitions Commission (ETC))-оос саяхан нийтэлсэн тайланд дурдсанаар Устөрөгчийн эдийн засгийг бий болгож цахилгаанжуулалтын эдийн засагт цэвэр устөрөгчийг хурдасгаснаар энэ зууны дунд гэхэд өнөөгийн устөрөгчийн хэрэглээтэй харьцуулахад 5-7 дахин нэмэгдэх буюу жилд 500-800 сая тонн цэвэр устөрөгч ашиглах шаардлага үүсч, хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох боломжтой юм.

Эрчим хүчний шилжилтийн комисс нь дэлхийн эрчим хүч үйлдвэрлэгч, эрчим хүчний салбар, санхүүгийн байгууллага болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагуудын 45 гаруй удирдагчдыг нэгтгэдэг байна.

Эх сурвалж: World Nuclear

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.world-nuclear-news.org/Articles/French-Russian-partnership-in-hydrogen-projects-an

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй