ШВЕД УЛС УРАН ОЛБОРЛОХ ХОРИГОО ЦУЦАЛНА.
Шведийн Уур амьсгал, байгаль орчны сайд тус улсад уран олборлохыг хориглосон хоригийг цуцлах магадлан шинжлэх ажиллагааг явуулж эхэлснээ зарлалаа.
Шведийн Хаггхон полиметаллын төслөөс ураныг дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр гарган авахаар төлөвлөж буй Австралид төвтэй Аура Энержи компани энэхүү алхамыг маш ихээр сайшаан хүлээн авчээ.
Шведийн парламент 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Байгаль орчны тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, тус улсад ураны хайгуул, олборлолт явуулахыг хориглосон бөгөөд тухай жилийнхээ 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ураны хайгуул, олборлолт явуулах зөвшөөрөл олгоогүй аж. Цахилгаан эрчим хүчнийхээ 1/3-ийг цөмийн эрчим хүчний зургаан реактораас хангадаг Швед улс нь одоогоор уран олборлодоггүй бөгөөд бүх баяжуулалтын үйлчилгээ нь багтсан цөмийн түлшийг импортоор авдаг.
Тус магадлан шинжлэх ажиллагаа нь уран олборлох нөхцөлийг идэвхжүүлэх, тодорхой болгохын тулд ямар дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлагатайг мөн тодорхойлно. Түүнчлэн Засгийн газрын зөвшөөрөгдөх байдлын үнэлгээ нь зөвхөн цөмийн үйл ажиллагаатай холбоотой тохиолдолд ураны олборлолтыг хамрахаар хязгаарлагдах шаардлага байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх аж.
Энэхүү магадлан шинжлэх ажиллагааны гол зорилго нь “шаардлагагүй хоригийг цуцлах” гэж тус яамнаас мэдэгдээд байгаль орчны үнэлгээ нь зөвшөөрөгдөх нөхцөлийг тодорхойлдог тул ураны олборлолт нь бусад металлын адил байх ёстой гэжээ. “Уран нь ихэвчлэн бусад металлуудтай хамт оршдог тул түүнийг хаягдалгүйгээр ялгаж, боловсруулах ёстой” гэв.
“Хэрвээ Европын холбоо уур амьсгалын эсрэг төвийг сахисан анхны тив болохоор шийдсэн бол тэр хүчин чармайлтад хүрэх тогтвортой металл, ашигт малтмалын хүртээмжийг хангах ёстой” гэж тэрээр хэлжээ. “Одоогоор баримталж буй уран олборлохыг хориглосон хоригтой холбоотойгоор бид өөрт байгаа уранаа хаягдал гэж үзэхийн оронд ялган авч, ашиглах хэрэгтэй” гэв.
Уур амьсгал, байгаль орчны сайдын мэдэгдсэнээр Европд мэдэгдэж буй ураны нөөцийн 1/4 гаруй нь Шведийн улсын нутаг дэвсгэр дэх үндсэн чулуулагт агуулагддаг. Өнөөдрийн байдлаар урантай холбоотой байгаль орчны зөвшөөрөл, хайгуулын тусгай зөвшөөрөл болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна. Цаашид уран олборлох асуудлыг байгаль орчны хууль тогтоомжийн хүрээнд туршиж/сорилт хийж одоо байгаа уран олборлох хоригийг өөрчлөх ёстой гэсэн үг юм хэмээв.
Хоригийг цуцлах магадлан шинжлэх ажиллагааны үр дүнг хамгийн багадаа энэ оны 05 дугаар сарын 15-ны дотор мэдээлэх бөгөөд ингэснээр Засгийн газар уран олборлохыг хориглосон хоригийг цуцлах хуулийн төслийг Парламентад өргөн барих боломжтой болно. Шведийн Парламент өнгөрсөн оны 11 дүгээр сард ажиллаж буй цөмийн реакторын тоонд тавьсан одоогийн хязгаарлалтаа цуцалж, шинэ талбайд реактор барихыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталсан бөгөөд уг нэмэлт өөрчлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.
Швед улс нь одоогоор гурван цөмийн эрчим хүчний станцдаа жилд 2.4 сая фунт (1,000 тонн орчим) U3O8 ашиглаж байгаа бөгөөд 2035 он гэхэд хоёр цөмийн реактор нэмж барих үүрэг хүлээгээд байгаа юм.
Аура компани хоригийг цуцлахтай холбоотойгоор авч буй арга хэмжээнд баяртай байна. Аура Энержи компани Шведийн Засгийн газраас энэ шийдвэрийн улмаас өнгөрсөн жилүүдэд учирсан санхүүгийн хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг 2019 онд гаргажээ. Тус компани 100% эзэмшдэг Хаггхон полиметаллын төслөөс ураныг дайвар хэлбэрээр гарган авахаар төлөвлөж байжээ.
Өмнө нь Шторсжон гэж нэрлэгдэж байсан Хаггхон нь Яамтланд мужийн Берг хотод орших бөгөөд Шведийн төв хэсгийн томоохон ураны талбайн нэг хэсэг юм. 2012 оны дундуур гаргасан баримтаас үзэхэд Хаггхон дахь 800 сая фунт U3O8 (307,718 тонн Уран) нөөцтэй гэж тооцоолсон нь ураны нөөцийг боловсруулаагүй дэлхийн 2 дахь том ураны нөөцтэй Шведийн төсөл гэж Аура мэдэгдэж байжээ. Уран нь молибден, ванади, цайртай цуг хар занарт агуулагдах бөгөөд био уусгалтын туршилтаар 85% хүртэл гарцтай уран гарган авсан гэж Аура мэдэгджээ.
Мөн 2013 оны 02 дугаар сард Аура компани Арева Майнс компанитай стратегийн түншлэл байгуулж, хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа зарласан боловч удалгүй Арева энэхүү төслөөс гарсан аж. Уран олборлохыг хориглосон хориг цуцлагдсан тохиолдолд Хаггхон төслөөс Швед улсын цөмийн түлшний хэрэгцээний ихэнх хэсгийн хангах боломжтойг дурьджээ.
Энэхүү мэдэгдэл нь Шведийн Засгийн газар өөрийн орны болон бусад улс орны хэрэгцээг хангахын тулд ураныг дотооддоо олборлохыг зөвшөөрөх эхний алхам юм гэж Аура Энержи компанийн гүйцэтгэх захирал хэлжээ. Түүнчлэн “Уран олборлох эрх зүйн боломжоор хангаад зогсохгүй бусад металлын олборлолттой зэрэгцэн уран олборлох зөвшөөрөл олгох шинэ хууль гаргана гэж найдаж байна” гэжээ.
Шведийн Засгийн газрын дэвшүүлсэн зорилго нь дотооддоо уран олборлох, гадаадаас хараат байдлыг бууруулах, дотоодын болон Европын эрчим хүчний хангамжийг бэхжүүлэх хүчин чармайлттай нийцэж байна гэж нэмж хэлжээ. “Мэдээж хэрэг ураныг байгаль орчин, усан хангамжид аюулгүйгээр олборлох нь чухал бөгөөд бид Шведийн зөвшөөрлийг авсан тохиолдолд үүнийгээ харуулж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Тус компани нь 2024 онд Хаггхон К1-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Шведийн Уул уурхайн хяналтын газарт өгөхөөр төлөвлөөд байна. Швед улсын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 25 жилийн хугацаатай байдаг ажээ.
Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Sweden-moves-to-lift-uranium-mining-ban