Хиймэл оюун ухаан, криптовалют, дата төвүүд өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэгцээгээ хангахын тулд цөмийн эрчим хүч сонирхож байна.
Хиймэл оюун ухаан болон криптовалют, дата төвүүдийн цахилгааны хэрэглээ ойрын жилүүдэд эрс өсөх хандлагатай байгаа тул технологийн томоохон компаниуд цэвэр, найдвартай, уян хатан эрчим хүчээр хангахын тулд бага чадлын модуляр реакторууд (Small Modular Reactors/SMRs) зэрэг дэвшилтэт цөмийн технологийг идэвхтэй эрэлхийж байна. Энэ нь зах зээлд хараахан гарч ирээгүй байгаа SMR болон бусад дэвшилтэт реакторуудыг арилжаалах шинэ замыг бий болгож магадгүй юм.
Мэдээллийн төвүүд (асар их тоон мэдээллийг хадгалахад шаардлагатай серверүүд болон тооцоолох тоног төхөөрөмж), хиймэл оюун ухаан, криптовалютууд нь хэд хэдэн бүс нутагт цахилгаан эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлж байна. Мэдээллийн төвүүд, хиймэл оюун ухаан, криптовалютууд нь нийлээд 2022 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 2 хувийг эзэлж байгаа ба 2026 он гэхэд хоёр дахин өсөх магадлалтай гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА, International Energy Agency) мэдээлжээ. Amazon, Microsoft, Google, Меta гэсэн дөрвөн компанийн цахилгааны нийт хэрэглээ 2017-2021 оны хооронд хоёр дахин нэмэгдэж, ойролцоогоор 72 тераватт*цаг (ТВт*цаг) болсон байна.
Томоохон технологийн компаниуд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангахыг эрэлхийлэхийн зэрэгцээ хууль тогтоомжийн хүрээнд хүлээсэн үүрэг, компанийн тогтвортой байдлын зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа нүүрстөрөгчгүй болгохыг эрмэлзэж байна. Үүндээ хүрэхийн тулд тэд нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гадна SMR гэх мэт дэвшилтэт цөмийн технологийг сонихож байна. Үүнтэй төстэй хандлага 24/7 цэвэр, эрчим хүч дулааныг эрэлхийлж байгаа нефть химийн үйлдвэр зэрэг бусад үйлдвэрүүдэд ч ажиглагдаж байна.
Олон улсын атомын энергийн агентлагийн Цөмийн эрчим хүчний хэлтсийн захирал Алин дес Клойзеа "Зарим бүс нутагт дэвшилтэт цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг байгуулах зам нь технологийн аж үйлдвэрийн салбар дахь эцсийн хэрэглэгч томоохон корпорациуд байдаг." "SMR болон бусад дэвшилтэт цөмийн реакторууд нь эдгээр компаниудын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай уян хатан, нүүрстөрөгч багатай, найдвартай эрчим хүчээр хангах гол үүргээ гүйцэтгэхэд нь маш сайн тохирдог" гэжээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (EIA)-ийн мэдээлснээр 2022 онд дата төвүүд ойролцоогоор 460 ТВт*цаг цахилгаан зарцуулсан байна. 2026 он гэхэд энэ тоо 1000 гаруй ТВт/ц болж өсөх боломжтой буюу өнгөрсөн онд дэлхийн цөмийн эрчим хүчний станцуудын үйлдвэрлэсэн нийт цахилгаан эрчим хүчний гуравны нэгээс илүү буюу Японы цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй бараг тэнцэх юм.
Хятадад дата төвүүдийн цахилгааны хэрэгцээ 2030 он гэхэд 2020 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 400 ТВт*цаг болох төлөвтэй байна. АНУ-ын зүүн хойд хэсэгт дата төвүүд цахилгаан эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Европ дахь дата төвийн зах зээл ч хурдацтай хөгжиж байна. Жишээлбэл, Ирландын дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ 2022 онд 5.3 ТВт*цаг байсан нь тус улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 17 хувьтай тэнцэж байв. EIA “Энэ хурдаар Ирландын дата төвүүд 2026 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хоёр дахин нэмэгдүүлж магадгүй бөгөөд хиймэл оюун ухааны хэрэглээний программууд зах зээлд хурдацтай нэвтэрч байгаа тул 2026 онд энэ салбар тус улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 32%-д хүрнэ гэж бид таамаглаж байна." гэжээ.
Эдгээр шинээр гарч ирж буй хэрэгцээг хангах шийдлүүдийг эрэлхийлж буй Google, Microsoft компаниуд сүүлийн үеийн дэвшилтэт цөмийн болон бусад цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүд өөрсдийн бизнес болон тогтвортой байдлын зорилтуудыг хэрхэн дэмжиж болохыг судалсан тайланг нийтэлсэн байна. “Бидний эрчим хүчний хэрэглээг нүүрстөрөгчөөс ангид байлгахад салхи, нар, батерей чухал ач холбогдолтой гэдгийг бид мэднэ. Гэхдээ бидэнд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ үр ашигтайгаар нүүрстөрөгчгүй болгохын тулд найдвартай, уян хатан, нүүрстөрөгчгүй эрчим хүчний технологи хэрэгтэй байна” гэж Google компанийн ажилтан Девон Свези хэлжээ.
Дата төвүүд, хиймэл оюун ухаан болон криптовалютын компаниуд үйл ажиллагаагаа явуулах, нүүрстөрөгчгүй болгох зорилтод хүрэхийн тулд цэвэр, найдвартай суурь ачааллын эрчим хүчний эх үүсвэрийг эрэлхийлж байгаад цөмийн дэвшилтэт технологи үйлдвэрлэгчид анхаарал хандуулж, цөмийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх, зах зээлд гаргахад тулгарч буй бэрхшээлийг даван туулахад цахилгаан эрчим хүчний эцсийн хэрэглэгчид болох технологийн компаниуд тусалж чадна гэж үзэж байна.
Тухайлбал, Microsoft компани цөмийн хуваагдал болон нэгдэлдүндэслэсэн технологийг нүүрстөрөгчгүйжүүлэх хэрэгсэл болгон ашиглах бодлогынхоо товч танилцуулгад судалгаа-хөгжүүлэлтийг хурдасгах, шинэ технологийг турших хөтөлбөрүүдийг бий болгох, тэдгээрийг нүүрстөрөгч багатай бусад эх үүсвэрүүдтэй хослуулан загварчлах, аюулгүй, зардал багатай аюулгүй ажиллагааны арга барилыг сайжруулах, дижитал технологи, түүний дотор хиймэл оюун ухааныг ашиглах, шинэ эрчим хүчний технологи, шугам сүлжээний удирдлагад тулгарч буй бэрхшээлийг арилгахад компани болон бусад оролцогч талууд дэмжлэг үзүүлж чадна гэж дурджээ.
Google компани ч мөн "Корпорацийн худалдан авагчид эдгээр технологи, тэр дундаа цөмийн дэвшилтэт технологиудыг арилжаалахад саад тотгорыг бууруулахад тусалж чадна", “Бид ойрын хэдэн арван жилд эдгээр технологийг өргөжүүлж, зөвхөн Google-д төдийгүй хүн бүрт 24/7 цэвэр эрчим хүч гаргахын тулд бусад цэвэр эрчим хүч худалдан авагчидтай хамтран ажиллана гэж найдаж байна." гэжээ.
Цөмийн шинэ төслүүдийг санхүүжүүлэх зардал нь дэлхийн хэд хэдэн зах зээлд өндөр, барих хугацаа урт зэргийг харгалзан үзэхэд бэрхшээлтэй хэвээр байна. Үүний эсрэгээр, жижиг, үйлдвэрт баригдсан SMR болон микрореакторууд нь урьдчилсан зардал бага, барих хугацаа богино байх төлөвтэй байна. Технологийн салбарын компаниудын нэгэн адил Dow Chemicals зэрэг бусад салбарын компаниуд нүүрстөрөгчгүйжүүлсэн цахилгаан эрчим хүчээр зогсохгүй өндөр температурын дулаанаар үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд SMR ашиглахыг эрмэлзэж байна.
Кугелмассын үзэж байгаагаар “Цөмийн дэвшилтэт технологиуд нь овор хэмжээ багатай, модулчлагдсан байх нь үүнийг хувийн салбарт нэвтрүүлэхэд боломжийн өртөгтэй болгох түлхүүр юм. Хамгийн чухал нь энэ нь цэвэр хувийн хөрөнгөөр төслүүдийг хөгжүүлэх гол түлхүүр юм." Хэрэв бид зөвхөн хувийн санхүүжилтэд тулгуурласан цөмийн эрчим хүчний загварыг бий болгож чадвал бид төслүүдийг илүү үр ашигтай хөгжүүлж, цөмийн эрчим хүчний үр өгөөжийг өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэх боломжтой болно” гэжээ.
Эх сурвалж: ОУАЭА, Data Centres, Artificial Intelligence and Cryptocurrencies Eye Advanced Nuclear to Meet Growing Power Needs, “Net Zero Needs Nuclear” сэтгүүл, (2024, № 65-3); https://www.iaea.org/bulletin/data-centres-artificial-intelligence-and-cryptocurrencies-eye-advanced-nuclear-to-meet-growing-power-needs