Технологийн дэвшил ОХУ-ын газрын дор уусган олборлох үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж байна.

Зураг. ОХУ-ын АРМЗ газрын дор уусган олборлолтод дэвшилтэд технологийг ашиглана.

“Дэлхийн цөмийн мэдээ” сайтад энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ОХУ-ын атомын энергийн улсын “Росатом” корпорацийн уул уурхайн салбар  Атомредметзолото Уран Холдингийн (ARMZ) охин компани Далур нь 2021 оноос ураныг газар доор уусгах (ISL) олборлолтыг удирдахад дижитал технологийг ашиглаж байгаа ба энэхүү төслийг Росатомын дижитал стратегийн хүрээнд Үндэсний цөмийн их сургууль “МИФИ”-гийн Северскийн технологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байгаа талаар нийтэлжээ.

Тус судалгааны ажлын гео-технологийн дижитал загварчлалыг Северскийн технологийн хүрээлэнгийн судлаачид гүйцэтгэсний дүнд ураны нэмэлт бүсүүдийг тодорхойлох, үнэлэх боломжийг олгосон гэж Далур компанийн ерөнхий захирал Денис Ежуров хэлэв. Мөн тэрээр "Бид олж авсан мэдээлэлд үндэслэн уурхайн үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулсан. Үүний үр дүнд Далматовын ордын ашиглалтын хугацааг 3-5 жилээр сунгах боломжтой" гэж тэрээр нэмж хэлжээ.

Энэхүү дижитал төхөөрөмжүүдийг ашиглаж орд газруудын уурхайн геологийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, үнэлэх, олборлолтын хувилбаруудыг загварчлах, орд ашиглах шийдвэр гаргах, геологийн загварчлал, төлөвлөлтийг хийхэд ашиглах боломжтой. Технологийн бүх явцыг төв удирдлагын өрөөнөөс хянах бөгөөд оператор нь боловсруулах үйлдвэр болон ГДУО талбайд болж буй бүх үйл явцыг ч хянах боломжтой.

Ухаалаг ГДУО-ын талбай нь Шумиха дүүргийн Хохловын ордод засвар, нөхөн сэргээлтийн ажлын таамаглал гаргаж, цаг тухайд нь гүйцэтгэхэд ашигладаг ба үүний дүнд засвар үйлчилгээний зардал буурдаг.

Далур нь Транс-Урал Курганы мужид баригдаж байгаа Далматов, Хохлов, Доброволийн гэсэн гурван ураны ордыг хариуцдаг. Далур ийм төрлийн дижитал төхөөрөмжийг Доброволийн ордод ашиглахаар төлөвлөж байгаа гэж мэдэгджээ.

 Газрын доорх усны патент

АРМЗ-ийн инженерийн төв “ВНИПИпромтехнологии” ХК Хиагдын хүдрийн талбайн ураны ордуудад зориулан боловсруулсан газар доорх усны нөөцийг удирдах шинэ аргачлалд патент авсан тухайгаа өнөөдөр мэдэгдлээ.

Газар доорх усны нөөцийн менежментийн технологи нь Хиагдад тулгардаг гол асуудал болох гидрогеологийн нөхцөл байдлаас улбайлан урьд өмнө нь зарим ордод ураныг олборлох боломжгүй байсан асуудлыг шийдэж байна гэж “ВНИПИпромтехнологии”-ийн Шинжлэх ухаан, инновацийн үйл ажиллагаа хариуцсан дарга Андрей Касаткин мэдэгджээ.

Тэрээр "Бид хүдрийн ордуудын аль хэдийн олборлосон их устай газраас ус багатай газарт усны хэмжээг дахин хуваарилах технологийг боловсруулсан.

Энэхүү технологи нь загварчлалын бүтээмжийг нэмэгдүүлэх, уусмалыг дахин боловсруулах, хаягдал талбайг нөхөн сэргээх боломжийг олгодог. Үүний зэрэгцээ хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөлөл эрс багассан" гэжээ.

Технологийн эрхийг Буриадын Бүгд Найрамдах Улс дахь ГДУО-ын үйл ажиллагаа хариуцсан АРМЗ-ийн охин компани “Хиагда” ХК-д шилжүүлсэн байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авах боломжтой.

https://www.world-nuclear-news.org/Articles/Technological-advances-benefit-Russian-ISL-operati

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй