МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАА, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЁСЗҮЙН БАРИМТ БИЧГИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

ОУАЭА-аас дэлхий дахинд энхийн зориулалтаар ашиглаж буй цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг өндөр түвшинд хүргэж, тогтвортой байлгах зорилгоор “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын зохицуулах дүрэм” (2003), “Цацраг идэвхт үүсгүүрийн импорт, экспортын нэмэлт заавар” (2012), “Ашиглагдахгүй болсон үүсгүүрийн менежментийн нэмэлт заавар” (2017)-ыг тус тус баталж, эдгээр баримт бичгүүдийг дэмжих тухай албан ёсны байр сууриа илэрхийлж, мөрдлөг болгохыг гишүүн улс орнуудад уриалсан байдаг.

2023 оны 06 дугаар сарын байдлаар “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын зохицуулах дүрэм”-ийг 147 улс, “Цацраг идэвхт үүсгүүрийн импорт, экспортын нэмэлт заавар”-ыг 131 улс, “Ашиглагдахгүй болсон үүсгүүрийн менежментийн нэмэлт заавар”-ыг 58 улс дэмжиж, мөрдлөг болгох тухай албан ёсны байр суурийг ОУАЭА-т илэрхийлсэн байна.

Цөмийн энергийн комиссын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын Гадаад харилцааны сайд тус зохицуулах дүрэм болон нэмэлт заавруудыг мөрдөх тухай захидлыг ОУАЭА-т хүргүүлж, дэмжих тухай албан ёсны байр суурийг илэрхийллээ.

ЗОХИЦУУЛАХ ДҮРЭМ БОЛОН ТЭДГЭЭРИЙН НЭМЭЛТ ЗААВРУУДЫН ТУХАЙ

1. Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын зохицуулах дүрэм:

Зорилго:

Зохицуулах дүрмийн зорилго нь үндэсний бодлого, хууль тогтоомж, дүрэм журмыг уялдуулан боловсруулж, олон улсын хамтын ажиллагааг дэмжих замаар:

а. Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг өндөр түвшинд хүргэж, тогтвортой байлгах;

б.Цацраг идэвхт үүсгүүрийг зөвшөөрөлгүй эзэмших, гэмтээх, хаях, хулгайд алдах, зөвшөөрөлгүй шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх, үндэслэлгүй шарлагад өртөх эрсдэлийг бууруулах, хүн ам, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах;

в.Цацраг идэвхт үүсгүүртэй холбоотой аливаа хэвийн бус байдал, хор хөнөөлийг багасгах буюу арилгахад оршдог.

Хамрах хүрээ:

а. Энэхүү дүрэм нь хүн ам, байгаль орчинд их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй цацраг идэвхт үүсгүүрүүд буюу энэхүү зохицуулах дүрмийн Хавсралт 1-д заасан үүсгүүрүүд (Цацраг идэвхт үүсгүүрийн 1-3 дугаар ангилал)-д хамаарна. Мөн бусад боломжит эрсдэл бүхий цацраг идэвхт үүсгүүрүүдийг хамааруулж болно.

б. Плутон-239 агуулсан цацраг идэвхт үүсгүүрээс бусад Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцод тодорхойлсон цөмийн материалд хамаарахгүй.

в. Цэргийн болон батлан хамгаалах салбарт ашиглагдаж буй цацраг идэвхт үүсгүүрт хамаарахгүй.

Бүтэц:

Дүрэм нь 31 заалт, 1 хавсралт (энэхүү дүрэмд хамаарах цацраг идэвхт үүсгүүрийн жагсаалт)-аас бүрдэнэ.

2. Цацраг идэвхт үүсгүүрийн импорт, экспортын нэмэлт заавар:

Зорилго:

Зохицуулах дүрмийн 23-29 дүгээр заалтад тусгасан зохицуулалтуудын дагуу цацраг идэвхт үүсгүүрийн импорт, экспортын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг сайжруулахад оршино. Энэ нь олон улсын хамтын ажиллагаа, худалдаанд саад учруулах зорилгогүй ба зөвхөн аливаа цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд аюул занал учруулахгүй байх зорилгыг хангахад чиглэнэ. Экспортлогч болон импортлогч улсууд нь 1, 2 дугаар ангиллын цацраг идэвхт үүсгүүрийн экспорт, импортод зөвшөөрөл олгох эсэхэд энэхүү зааврыг дагаж мөрдөхийг зорилго болгоно. Улс орнууд нь энэхүү зааврыг үндэсний хууль тогтоомж, олон улсын холбогдох амлалттай нийцүүлэн хэрэглэнэ.

Хамрах хүрээ:

Заавар нь Зохицуулах дүрмийн импорт, экспортын заалтуудад хамаарах 1, 2 дугаар ангиллын цацраг идэвхт үүсгүүрт хамаарна. Мөн Зохицуулах дүрэмд тусгагдаагүй болон Зохицуулах дүрмийн 3 дугаар заалтад заасны дагуу цөмийн материал, 4 дүгээр заалтад заасны дагуу цэргийн болон батлан хамгаалах салбарын цацраг идэвхт үүсгүүрүүдэд хамаарахгүй.

Бүтэц:

Заавар нь 12 бүлэг, 22 заалт, 1 хавсралт (импорт, экспортод хамаарах асуулга)-аас бүрдэнэ.

3. Ашиглагдахгүй болсон үүсгүүрийн менежментийн нэмэлт заавар

Зорилго:

Зохицуулах дүрмийн 5(б) дугаар заалтад “Цацраг идэвхт үүсгүүрийг үйлдвэрлэх шатнаас ашиглалтаас гарч хаягдал болох шат хүртэлх хяналтын тогтолцоо болон хяналтаас алдагдсан үүсгүүрийг олж илрүүлэх тогтолцоог бий болгосноор энэхүү дүрмийн зорилго биелнэ” гэж тусгасан байдаг.

а. Энэхүү зааврын зорилго нь Зохицуулалтын дүрмийн заалтуудад тусгагдсаны дагуу цацраг идэвхт үүсгүүрийн нийт ашиглалтын үе шатны менежментийн хүрээнд ашиглагдахгүй болсон үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэ нь цацраг идэвхт үүсгүүрийг эзэмших шийдвэр гаргах, хаягдал болгох, ашиглагдахгүй болсон цацраг идэвхт үүсгүүрүүд нь аюулгүй ашиглагдаж, хадгалагдаж байгааг баталгаажуулах зэрэг арга хэмжээг тодорхойлоход чиглэнэ.

б. Заавар нь ашиглагдахгүй болсон цацраг идэвхт үүсгүүрийн боломжит менежментийн сонголтыг зөвлөхөд чиглэсэн. Эдгээр сонголтууд нь зааварт дэлгэрэнгүй тусгагдсан ба үүнд дахин ашиглах, дахин боловсруулах, урт хугацааны хадгалалт, булшлалт болон нийлүүлэгчид буцаах зэрэг хамаарна. Зааварт тусгагдсан богино хугацааны хадгалалт, тээвэрлэлт нь дангаараа менежментийн сонголт болдоггүй боловч бусад сонголтуудын хэрэгжилтэд үргэлж шаардагддаг завсрын арга хэмжээ байна.

в.Нийлүүлэгчид буцаах нь менежментийн сонголт болж тооцогддог хэдий ч энэхүү удирдамжийн зорилго нь нийлүүлэгч улсад үүрэг хариуцлагыг дангаар үүрүүлэхэд чиглэгдээгүй ба ханган нийлүүлэгч улс нь өмнө нийлүүлсэн өөрийн үүсгүүрийг буцааж авах үүрэг хүлээхгүй.

Хамрах хүрээ:

а. Заавар нь Зохицуулах дүрмийн хамрах хүрээнд хамаарах бүх цацраг идэвхт үүсгүүрт хамаарах ба хяналтад орсон эзэнгүй үүсгүүрүүдэд мөн хамаарна.

б. Энэхүү зааварт цацраг идэвхт үүсгүүр ашиглагдахгүй болсны дараах түүний менежментийн асуудлыг тусгасан ба цацраг идэвхт үүсгүүрийг ашиглалтаас гаргаж болзошгүй үйл ажиллагааг тусгаагүй болно.

в. Заавар нь ашиглагдахгүй болсон цацраг идэвхт үүсгүүрт аюулгүй, найдвартай менежмент хийхэд чиглэсэн. Уг менежмент нь тухайн улсын цацраг идэвхт хаягдлын менежментийн ерөнхий хөтөлбөртэй нийцэх ёстой ба ОУАЭА-ийн бусад баримт бичигт тусгагдсан энэ төрлийн хөтөлбөрт хамаарахгүй.

Бүтэц:

Заавар нь 15 бүлэг, 31 заалт, 1 хавсралт /Ном зүй/-аас бүрдэнэ.

АЛБАН ЁСНЫ БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Энэхүү Зохицуулах дүрэм болон түүний нэмэлт зааврууд нь сайн дураар дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг бөгөөд эдгээр баримт бичгийг дэмжиж, мөрдлөг болгох тухай албан ёсны байр суурийг ОУАЭА-т илэрхийлэх нь дараах ач холбогдолтой. Үүнд:

I. Экспертийн түвшний ач холбогдол:

ОУАЭА-аас Зохицуулах дүрэм болон түүний нэмэлт заавруудын хүрээнд зохион байгуулагдах олон улсын болон бүс нутгийн хэмжээний уулзалт, сургалтуудад оролцож дэлхий дахины цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын сайн туршлагын талаар мэдээлэл авч, гишүүн улс орнуудын туршлагатай танилцаж санал солилцох боломж нэмэгдэнэ. Зохицуулах дүрмийн нээлттэй уулзалт нь 3 жилд нэг удаа зохион байгуулагддаг ба энэхүү уулзалтад гишүүн улс орнуудын цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын нөхцөл байдлын талаарх өгүүллэгүүдтэй танилцаж, илтгэлүүдийг сонсох боломж бүрдэнэ.

II. Олон улсын түвшний ач холбогдол:

Цөмийн энергийн салбарт гишүүн улсын эзлэх эерэг байр суурь нэмэгдэх ба цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг эрхэмлэгч бусад гишүүн улс орнууд ба цацраг идэвхт үүсгүүр экспортлогч улс орнуудын итгэлцлийг дээшлүүлнэ. Мөн ОУАЭА болон олон улсын бусад доноруудын туслалцаа, дэмжлэгийг эхлүүлэх, эрчимжүүлэх боломж бүрдэнэ.

III. Үндэсний түвшний ач холбогдол:

Зохицуулах дүрэм, түүний нэмэлт заавруудад үндэслэн цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үндэсний бодлогыг тодорхойлох, хууль эрх зүй, хяналтын орчныг сайжруулах, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын дэд бүтцийг хөгжүүлэх, хүний болон санхүүгийн нөөцийг зөв хуваарилах чиг баримжааг тодорхойлж, тэдгээрийг олон улсын түвшинд хүргэнэ. Мөн өөрсдийн цацраг идэвхт үүсгүүрийн импорт, экспортын хууль эрх зүй, хяналтын тогтолцоог олон улсын түвшинд харьцуулж, үнэлэх боломж бүрдэнэ.

Зохицуулах дүрэм болон түүний нэмэлт зөвлөмжүүдийг дараах холбоосоор авах боломжтой.

Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын зохицуулах дүрэм

Цацраг идэвхт үүсгүүрийн импорт, экспортын нэмэлт заавар”,

Ашиглагдахгүй болсон үүсгүүрийн менежментийн нэмэлт заавар

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй